Фельетон-ыг уншуулмаар санагдлаа
Зарим газар хууль нь амьдралтайгаа нийцэж байхад нөгөө талд амьдрал нь хуультайгаа зохицдог хэмээмой. Харин манайд бол эхлээд сайхан сайхан хууль бодож олоод дараа нь амьдралынхаа хэлбэрийг янзлан тайрах газар нь тайрч, тахийлгах газар нь тахийлгаж, матийлгах хэрэгтэй бол матийлган тохируулж жаргалтай аж төрсөөр ирсэн билээ. Эндээс үүдээд зарим амьдралыг махийлгаад махийлгаад илүү олон нугаламтай хуулиндаа таарч тохирч өгөхгүй, хугарахгүй юмаа гэхэд цав суух тал байна. Уул нь манайхан “цагаан шаазан цавтай бол цайгаа уухаа болихуу даа” гэж дуулдаг боловч цааз амьдрал хоёрын цавыг ажрах нь бага ард түмэн. Гэхдээ л болохгүй юм бас байна.
Ухаандаа Үндсэн хуулийн “мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гэдэг заалтаас үүдэн маргаан гарсан удаатай. Тэр жил төрийн тэргүүнийг хөдөө явахад тааралдсан, хууль дагах дуртай нэг малчин хонио ерөнхийлөгчийн тэргэнд чихэж суулгах гэж зүтгэсэн байна. Тэрээр “Адилхан төрийн хамгаалалтад байдаг амьтас, цугтаа явж, эртнээс ижилсэж байг” гэж зүтгээд байсан гэдэг. Төрийн хамгаалалтынхан аргаа барахдаа “төрийн хамгаалалттай машинд зай” алга гэж учирлажээ. Гэтэл хуулийн үг үсгийг цээжилсэн тэр малчин “Тэр тэргүүн хатагтайг хээр буулгачих. Үндсэн хуулинд “төрийн тэргүүн ба түүний сайн сайхан нэр бас мал төрийн хамгаалалтад байна” гэж зааснаас бус тэргүүн хатагтай төрийн хамгаалалтад байх тухай үг үсэг алга” гэж зөрүүдлээд байсан гэж байгаа.
Ийм тохиолдолд чононд идүүлсэн мориныхоо үнийг төрийн тусгай хамгаалалтын албанаас нэхэмжилж байгаа иргэн ба аминыхаа хонийг алж идсэн малчинд “Төрийн хамгаалалттай объектод халдан аллага хийж идсэн...” зүйл ангиар эрүү үүсгээд байгаа хэсгийн төлөөлөгч зэргийн талаар бол ярих ч хэрэг алга.
Энэ бол зөвхөн зах зух нь. Өнгөрсөн сонгуулиар говийн малчид тэмээнийхээ нэрийг парламентад дэвшүүлээд сонгуулийн хорооноос буцсан байдаг. Тэд Монгол улсад тэмээний тухай хууль байдаг боловч хүний тухай хууль байдаггүй гэсэн үндэслэл гаргаж иржээ. Тэдний дэвшүүлсэн “Хэн хуультай нь хууль тогтооно” гэсэн зарчмыг үгүйсгэх аргагүй юм шүү.
Зарим оронд амьдралаа харж байгаад түүндээ зохируулан хуулиа хийдэг ч тал байгаа гэнэ. Энэ бүхнийг бодолцон Монгол улсын Үндсэн болон бусад хуулийн зарим нэг заалтыг амьдралд нийцүүлэн нугалж,тахийлгах санаагаа шургуулан барьж байна.
Тайлбар: амьдралыг хуульд нийцүүлэн олон дахин нугалж тахийлгахаар заримдаа хугарчих гээд байгаа тул гарын ая даахаар нь хуулиа тахийлгах гэсэн хэрэг. Нөгөөтэйгүүр Их хурлын гишүүд, засгийн газар, ерөнхийлөгч л хууль санаачлах эрхтэй, харин бид хууль сэдэх эрхтэй юм байна. Санаачлах эрхтэй этгээд хуулиа өргөн барьдаг бол сэдэх эрхтэй хэсэг шургуулан барих боломжтой аж
Ингээд төслөөсөө толилуулья:
-Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн шиг байна. (Үндсэн хууль.1.1)
-Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд баймаар байна. (Үндсэн хууль. 3 зүйл)
-Гадаадын улс нь Хууль гаргахгүйгээр гадаадынхаа цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно.(Үндсэн хууль 4 зүйл)
-Мал сүрэг бол эзнийхээ баялаг мөн бөгөөд эзнийхээ хамгаалалтад байгууштай.( Үндсэн хууль.6 дугаар зүйл)
-Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү зарим нэг ард түмний мэдэлд байна.
-Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн албан хаагчийн өмч мөн (Үндсэн хууль. 7 зүйл)
-Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг гэлтэй.
- Монгол Улс өөрийгөө хамгаалах мэр сэр зэвсэгт хүчинтэй байна. ( Үндсэн хууль 11 зүйл)
-Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж болно. (Үндсэн хууль 14 зүйл)
-Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж яах нь вэ.(Үндсэн хууль. 14 зүйл)
-Монгол улсын иргэн амьд явахыг хориглохгүй( Үндсэн хууль 16 зүйл)
-Монгол улсын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадвал болно(Үндсэн хууль 16 зүйл)
- Монгол улсын иргэд улсынхаа нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэйгээр чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа асууж сонгох, гадаадад гуйж явах, нутаг заагдан оршин суух, эх орондоо хулгайлагдан буцаж ирэх эрхтэй.(Үндсэн хууль 18 зүйл)
- Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ
1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн зул өргөх;
2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэдэг гэж ярих;
3/ орлогоо нууж чадаагүй бол албан татвар төлөх;
4/ Танил талгүй бол хуулийн дагуу цэргийн алба хаах. (Үндсэн хууль 17 зүйл)
-Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж харагдана.(Үндсэн хууль 23 зүйл)
Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль ба хууль бус юмс санаачлах эрх эдэлнэ.( Үндсэн хууль 26 зүйл)
-Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэн яригч мөн.( Үндсэн хууль. 30 зүйл)
-Ерөнхийлөгчийн сонгууль хоёр цахилгаан шаттай байна( Үндсэн хууль.31 зүйл)
-Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргах удаатай. (Үндсэн хууль З4 зүйл)
-Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд дарга нарын байнга сонгогдог тойргуудад хуваагдана. (Үндсэн хууль 57 зүйл)
-Гэмт хэрэг үйлдсэн байдалтай, гэм буруутай царайтай этгээдэд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг үгүйсгэхгүй. (Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйл)
-Барилга хоорондын зай 30 метрээс багагүй байвал сайхан аа. (Хот байгуулалтын хуулинд хийх нэмэлт)
- Орон сууцны барилга цонхтой байвал ямар вэ? (Хот байгуулалтын хуулинд хийх нэмэлт)
-Цонхоор нар тусахаар барихыг хориглохгүй. (Хот байгуулалтын хуулинд хийх нэмэлт)
- Орон сууцанд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байвал гоё оо. (Хот байгуулалтын хуулинд хийх нэмэлт)
-Харилцааны холбооны оператор кампаниуд нэгнийхээ сүлжээг нийлж салгахгүй байвал сайнсан. (Харилцаа холбооны тухай хуульд оруулах нэмэлт)
-Олон нийт гэдгийг монгол улсын харъяат нэгээс илүү иргэн гэж ойлгох... (Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн нэмэлт)
-Монгол бөх допинг хэрэглэхгүй байх уу. ( Баяр наадмын тухай хуулийн нэмэлт)
-Гэнэтийн ашгийн 68,0 хувийн татварыг 0.68 болгосугай. (Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн нэмэлт)